• Утас
  • (976) 5126-1601
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Монголчууд ноолуураа өөрсдөө дэлхийд үнэлнэ, үнэ цэнэ нь ажил, орлого болж үлдэнэ


 Монгол улсын Засгийн газар ХХААХҮЯ-наас боловсруулсан “Ноолуур” хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байхаар тогтсон. Дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах бөгөөд 3600 гаруй ажлын байр шинээр бий болно. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өснө гэж тооцоолж байна. Ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд дотоодын зарим аж ахуй нэгжүүдэд ажиллалаа.

зураг

Манай улс өнгөрсөн оны байдлаар 5413 тонн угаасан ноолуур, 509 тонн самнасан ноолуур, 915 мянган ширхэг сүлжмэл хувцас үйлдвэрлэсэн байна. Үүний 90 хувийг анхан шатны боловсруулалт хийж, 10 хувийг нэхмэл, сүлжмэл зэрэг эцсийн бүтээгдэхүүн болгон гаргажээ. Ноолуур хөтөлбөр хэрэгжсэнээр 19,8 сая ширхэг сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн экспортод гарган 2,2-4,3 их наяд төгрөгийн борлуулалт хийх боломжтой гэж тооцоолж байна.  

Ноос, ноолуурын   үйлдвэрийн түүхий эд бэлтгэж ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн “Хатант интернэйшнл” ХХК нь  2015 оноос ноолуур гүн боловсруулах “Хатант Кашимер” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. 2017 онд тус үйлдвэр 130 тн самнасан ноолуур үйлдвэрлэж Итали улсад экспортлосон нь 2017 онд Монгол улсаас экспортод гаргасан нийт самнасан ноолуурын 25%-ийг эзэлж байна. Гэвч эргэлтийн хөрөнгийн дутмагаас болж 2017 онд үйлдвэрийн нийт хүчин чадлын 75%-ийн ашиглаж чадаагүй гэдгээ үйлдвэрийн удирдлагууд хэлж байлаа. Шинээр 100 гаруй хүний ажлын байр бий болгосон дотоодын хөрөнгө оруулалттай тус ноолуурын үйлдвэрээ бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд  жилд нийт 700 -1000 тн түүхий ноолуур бэлтгэн авах шаардлагатай байгаа гэлээ. Тус компани энэ онд Итали, Герман, Япон улсуудад нийт 350 тн самнасан ноолуур экспортлох зорилт тавин ажиллаж байгаагаа ХХААХҮ-ийн сайдад танилцууллаа.

     ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: "Энэ хөтөлбөрийн хүрээнд 500 тэрбум төгрөгний "Ноолуур хөгжлийн сан"-тай болно. Ингэснээр хөнгөн үйлдвэрүүдээ, ялангуяа ноолуур боловсруулах үйлдвэрүүдээ сэргээх, малчдаа орлоготой болгох боломжтой. Энэ бол манай салбарынхны хувьд маш чухал бодлогын зохицуулалт. Дэлхийн зах зээл дээр томоохон тоглогч болох их ажлын эхлэл. Тийм учраас та бүхэн Ноолуур хөтөлбөрт хамрагдахад тавигдах шаардлагаа маш сайн хангаж, төлөвлөлтөө сайн хийж, монгол улсын засгийн газраас баримталж байгаа бодлогыг хамтран хэрэгжүүлэхэд хариуцлагаа ухамсарлаж оролцоорой” гэлээ.

Эх сурвалж: ХХААХҮЯам

 

 

 

 


  • Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
  • Утас: + (976) 51261601
  • Факс: + (976) 51261601
  • И-Майл: -
Copyright © 2018 | Мал эмнэлэг, үржлийн газар.